Sunday, March 18, 2012

Баянцагаан миний нутаг

Тэнгэрийн хаяа мөрлөн өндийсөн
Тэртээх уулс миний нутаг
Тэмдэгрэх үүрийг тоолон мөнхөрсөн
Тэнүүн говийн сүлд уулсаа
Үүл саатах оргилдоо цасан цагаан чимэгтэй
Үеийн үе дамжсан цал буурал түүхтэй
Аав ээжийг минь орлосон миний төрсөн нутаг
Алтайн цэнхэр говь мэндийн цэнхэр хадаг
Баянцагаан, Гичгэнэ, Бахар тариат, Цэцэн
Хар аргалант, Цагаан уул, Хуцын хяр, Унтаагийн цахир
Өндөр уулсын бэл бараадсан толгод
Өргөн уудам талын зээг тээгүүд
Өргөө цагаан гэрүүдийн буурийг хадгалсан нутаг
Өнөр олон түмний зэл татуулсан замууд
Өргөн талын энгээр дураар бэлчсэн мал
Аргалын цэнхэр утаа тэнгэр даллах зуслангууд
Адуутай байсан нутгийн эзгүйрч хоцорсон тал
Аргадсан нүдэнд нулимстай дурсан ярих түүх
Айргийн амт чимчигнүүлсэн үүр шөнийн зүүд
Ангийн тэнгэртэй аавын минь гөрөөлж явсан уулс
Адуунд гарамгай ахын минь гүү хураах бэлчээр
Агсам хангал морины айлын хоорондох гишгэлт
Архинд халсан өвөөгийн сэржим өргөсөн хангай
Саравчлан зогсох ижийн минь хүүгээ хүлээсэн нутаг
Саалийн энгэртэй эгчийн минь сүүгээ өргөсөн хайрхан
Санан гэрэвшин учрах амраг хоёрын болзоо
Саахалтын хүнээс ичингүйрэн нуугдаж уулзах үдэш
Саран авхайг хиртэм янаг халуун үнсэлт
Сойлго уяатай морины үүрсэн янцгаах чимээ
Сормуусны цаанаа нулимстай энхрий ялдам тэврэлт
Салж ядан хоцорсон үүр шөнийн үдэлт
Сайхан бор бүсгүйн өрх татах тавилан
Найрын дугараанд уртын дуутай
Наадмын талбарт уухайн түрлэгтэй
Намтар түүхийн арвин баярлагтай
Наадаж өссөн миний нутаг
Алт эрдэнэсээр элбэг баян
Азийн цээжин дэх монголын тал
Агаар нь цэнгэг ус нь тунгалаг
Азтай хүний мэндлэх орон
Аав ээжийг минь орлосон миний төрсөн нутаг
Алтай цэнхэр говийн мэндийн цэнхэр хадаг

Nyamsuren Batbayar