Monday, May 21, 2012

Чингис хааны Алтан ургийн хатны шарил олдлоо

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд эртний хүний оршуулга байна гэсэн мэдээллийг Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Идэрмөнх МУИС-ын Нийгмийн шинжлэх ухааны сургуульд ирүүлсэн байна. Уг мэдээлэлдээ.
“манай сумын 4-р багийн нутагт Дунд нурууны Шүүтийн өвөлжөөний хадны агуйд эртний хүний оршуулга давсан дотор муми маягаар хадгалагдаж байна. Сүүлийн үед ашиг хонжоо хайсан хүмүүсийн хөлд энэ дурсгал сүйдэх аюултай болж байна. Иймд дээрх оршуулгыг нэн яаралтай шинжлэн судалж өгнө үү” гэсэн хүсэлтийг хавсаргасан байжээ
Тиймээс уг мэдээллийн дагуу МУИС-ийн НШУС-иас археологич, доктор У.Эрдэнэбат ахлагчтай судалгааны баг дөрөвдүгээр сарын 11-18-ны хооронд тухайн газарт томилогдон ажиллаад Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгааны түүхэнд ховорт тооцогдох олдворуудыг малтан шинжилж авран хамгаалж чадсан байна.
 
Өмнө нь Төв азиас ийм төрлийн дурсгал олдож байгаагүй
Багт багтсан эрдэмтэн, архелогчдын дүгнэснээр энэхүү занданшуулж оршуулах байдал нь Төв азийн нутаг дэвсгэрт урьд өмнө нь гарч ирж байгаагүй гэнэ. Түүнчлэн дундад эртний нүүдэлчдийн үхэгсдээ оршуулж байсан өвөрмөц зан үйл болох хадны болон агуйн оршуулгын соёлд багтааж авч үзсэн байна.
Тэд Дунд нурууны Шүүтийн агуйгаас гадна Бургаст, Гозгор толгой хэмээх газар Монголын дундад зууны үеийн түүхэнд холбогдох хадны оршуулгын нийт гурван дурсгалыг малтан шинжилсэн гэнэ.
Судлаачдыг очиход нутгийн иргэд эртний булшийг тонож сүйтгэсэн байжээ. Шүүтийн агуйд давсан дотор оршуулсан байсан гэх эртний хатмал шарилыг ухвар мөчид хүмүүс нэгэнт устгасан бөгөөд оршуулганд хэрэглэсэн гэрийн хана, модон эмээлийг эвдэж хаясан байсан аж. Энэ булшнаас үлдсэн хүний яс болон дээл хувцасны үлдэгдлийг МУИС-ийн НШУС-д авчран судалж байгаа юм байна.
Бургаст хэмээх газраас олдсон хадны оршуулгаас XIII-XIV зууны үеийн 60 гаруй настай эрэгтэй хүний шарил ба хүүрт өмсгөсөн дээл хувцас, бүсний арал, нумын модны үлдэгдэл олдсон байна.
 
Хатан дөнгөж төрсөн үрийнхээ хамт байжээ
Харин тэдний судалсан Гозгор толгой хэмээх газар Юань гүрний үеийн монгол хатныг дөнгөж төрсөн, нэхий өлгийд боосон нярай хүүхэдтэй нь хамт оршуулсан байжээ. Хэдийгээр уг булшийг нутгийн малчид ухаж төнхөн, зарим эд зүйлсийг эвдэж устгасан боловч үлдэж хоцорсон эд өлгийн дурсгалын дотор Монголын Эзэнт Гүрний түүхэнд холбогдох, манай оронд байтугай дэлхийд анх удаа биет байдлаар олдож байгаа ховор нандин олдворууд цөөнгүй байлаа. Тухайлбал, эндээс XIII-XIV зууны үеийн монгол эхнэр хүний өмсөж байсан богтаг малгайн үлдэгдэл,  брахми “ом” үсэгтэй болон элдэв-очир урласан бүтэн зэс хөөмөл чимэглэл, малгайн шанаавчин дээр сувдаар хэлхэж хийсэн сүйхэн чимэг, ювуу, тана эрдэнийн унжлагатай зэс ээмэг, бүтэн цас толь, шүдийг нь хугалсан модон сам олдсон байна
Шарилын дор тэмээний ноос зулж зээг тавьж оёсон гоёмсог хээ угалзтай эсгий ширдэг дэвссэн. Ширдэгний хээ угалз, хийж урласан загвар хийц зэрэг нь Төв Азийн эртний нүүдэлчид ба Хүннүгийн эсгий ширмэлийн урлагийн технологи дундад зууны монголчуудад цаашид уламжлагдан хөгжсөн болохыг нотолж буй бөгөөд Чингис хааны байгуулсан Монголын Эзэнт Гүрний хуучин нутаг дэвсгэрээс анх удаа биетээр олдож байгаа эрдэм шинжилгээний ховор үнэт олдвор аж.
 
Чингис хааны Алтан ургийн Хияд Боржигин овгийн хатан байж болзошгүй
Гозгор толгойн булшны он цагийг тогтооход туслах чухал хэрэглэгдэхүүн бол хус модоор бэхэлгээ хийж үйсээр ороож алтан хээтэй улаан торгоор бүрсэн богтаг малгай юм. Энэ булшнаас хатан хүний малгайн оройд өд тогтоох зориулалттай, хус модоор сийлбэрлэж хар бэхээр зураг зурж чимэглэсэн модон суурь олдсон байна. Мөн богтаг малгайг хийхдээ үйсэн дээр монгол бичгээр бичсэн ул мөр мэдэгдсэн байна. XIII зууны үед Монголд ирсэн гадаадын элчин жуулчдын тэмдэглэснээр баян чинээлэг, язгууртан эхнэрүүд малгайгаа улаан өнгийн торгоор бүрэх бөгөөд богтаг малгайн өндөр, гоёл чимэглэлийн байдал нь эзнийхээ нас намба, зэрэг зиндааг илтгэдэг байв.
Түүнээс гадна Гозгор толгойн хадны оршуулгаас улаан чий будагтай бүтэн модон аяга олдсон нь ёроолдоо хар бэхээр бичсэн дөрвөлжин үсгийн бичээстэй юм. Энэ нь уг аяганы эзний овгийн үсэг бололтой байгаа бөгөөд одоогийн байдлаар “хиян” гэж уншигдаж буй. Хэрэв энэ нь буруу биш бол Гозгор толгойн хадны хонгилд  оршуулсан залуу хатан нь Чингис хааны Алтан ургийн Хияд Боржигин овгийн хүн байж болохыг судалсан эрдэмтэд нь хэлж байна.
Харин дөнгөж төрсөн нярайг нэхий өлгийд өлгийдсөн Юань улсын үеийн дөнгөж төрсөн монгол хүүхдийн шарил гэлээ. Энэхүү шарил бараг 800 жилийн туршид тэр чигээрээ хадгалагдан үлджээ. Аз болоход  булшийг хөндөж тоносон хүмүүс хүүхдийн ясыг тарааж цацаж хаяагүй байсан байна. Энэ олдвор бол  ерөөс дэлхийд цөөхөн тохиолдох эртний хүн судлалын ховор хэрэглэгдэхүүн бөгөөд монгол хүний гарал удмын түүхийг генетикийн түвшинд судлах боломжийг олгож байгаа аж.
Гозгор толгойн хадны оршуулгаас хүний яснаас гадна хонины хонттой шаант, дунд чөмөг, дал, богтосны яс олдсон нь талийгаачид хойлгын идээ болгон гуя, хаа дагалдуулдаг эртний Монголын оршуулгын зан үйлийн гэрч юм.
Хулгайч нар хатны булшийг тонохдоо дээлийг тасдан хадны хонгилын урд буланд бөөгнүүлэн хаясан байсан байна. Цэцгэн хээтэй, улаан өнгөтэй торгоор хийсэн, зөв энгэртэй, бүсэлхийгээрээ олон хуниастай урт хормойтой, урин цагийн дээлийн үлдэгдэл олдсон. Хормойн хуниасны дотор талд савхиар хатуулга хийж оёсон бөгөөд дээлийг бүдүүн нэхээстэй өрмөгөөр доторлож байсан ажээ. Дээлийн цээжинд ханцуйг залгаж оёхдоо цэцгэн хээтэй хөх торгоор 4 см өргөн эмжиж оруулга хийжээ. Зах болон энгэрийн хэсэг үрэгдэн алга болсон боловч ар шилний хэсэгт мөн өмнө дурдсаны ижил хөх өнгөөр эмжиж шар торгон утсаар даруулж оёжээ. Торго угтаа улаан өнгөтэй байсан боловч олон зууны туршид өнгөө алдан гандаж шарласан байна. Дээлийн торгон дээрх дөрвөн дэлбээтэй цэцгэн хээг алтлаг өнгийн гялалзсан саатай утсаар нэхсэн нь зарим газар мэдэгдэж байна.
 
Олдворуудыг үзэсгэлэн болгож гаргана
Шинээр олдсон ховор олдворын түрүүчээс Соёлын өвийн төвд албан ёсоор хандаж тусгай мэргэжлийн сэргээн засварлагчаар цэвэрлүүлэн бэхжүүлж, сэргээн засварлах ажил өрнөж байгаа. Олдворуудыг энэ оны өвөл Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойгоор МУИС-ийн НШУС-ийн Археологи-Антропологийн тэнхимээс санаачлан БСШУЯ, Монголын Үндэсний Музей, Хархорум Музейтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөж буй “Чингис хааны монголчуудын археологийн дурсгалууд” сэдэвт үзэсгэлэнд тавьж олон нийтэд толилуулах болно” гэлээ.
Ямарч байсан энэхүү Баянхонгор аймгийн нутгаас шинээр илрүүлэн олсон олдворууд нь Монголын эртний түүхийг судлан боловсруулахад чухал түлхүүр болох төдийгүй нийт Евразийн нүүдэлчдийн археологийн судалгааны түүхэнд нээлт болохоор байгаад судлаачид баяртай байгаагаа илэрхийллээ.
Дашрамд дурдахад манай улсын нутаг дэвсгэрт одоогийн байдлаар археологичдын хүрч очиж судалсан хадны ба агуйн 70 гаруй оршуулга бүртгэгджээ. Эдгээрийн он цагийг тодорхойлсон байдлаас үзэхэд хамгийн эртнийх нь IV зууны сүүл үед, хожуу үеийнх нь XVII зууны эхэн үед холбогдох юм байна.
Г.ТУЯА
http://suvdhan.miniih.com/index.php/home/post/4609