Алтайн цэнхэр говийн
Алаг манан хаяа
Ижий ааваас заяасан
Элэг зүрхний уяа
Ачит манлай төрийн
Ачлал гийсэн туяа
Шижир нарны доорхи
Шинэ сайхан хөдөө
Уул усны нэр нь цагаан
Унаган нутаг минь Баянцагаан
Бахар, Цэцэн, Баянцагааны
Байц цавчим уулсын хангай
Унтаа, Тоором, Цав, Цахирын
Уужим цайдам тал хоолой
Цагаан бургас, Баянбулагийн
Цацлах мянган усны харгиа
Ян хадны сүмбэр зулайд
Янгир аргалын эвэр даргай
Угаас үзэсгэлэнт байгаль нь баян
Унаган нутаг минь Баянцагаан
Шалын хоолой, Тариатын хярд
Холын отроор идээшиж дассан
Хоньчин баатар Дамдины Жанарын
Хотлох өвөлжөө нь "Харын үзүүр"
Урд, хояд зуслангийн цэцгэнд
Улаа булхам тоглож өссөн
Барилгачин баатар Жанцангийн Ишгэнхүүгийн
Багын нутаг нь"Шар мухар"
Улс даяр цуутны өлгий
Унаган нутаг минь Баянцагаан
Алдар нь түгсэн баатруудын гаргасан
Ариун цагаан хөдөлмөрийн замаар
Гарамгай амжилтааа дуурсган тодорсон
Гавъяат нэгдэлчин Ёндонгийн Сүрэндулам
Шижгэр амжилтын эзэд сайчуудын
Шилийг даран улаалж яваа
Алтай нутгийн нэртэй малчин
Аварга хоньчин Сэрээтэрийн Монгол
Удам дүүрэн ажилсаг түмэн
Унаган нутаг минь Баянцагаан
Дэл сүүлэндээ нар тоглуулан
Дэргэтэл хатирах хээр адууд
Зэл уяандаа хүрэнтэн багшрах
Зэндмэнэ эрдэнэ үхэр, тэмээд
Өргөн талаар сувдран налайх
Өөхөн бөмбий цагаан хоньд
Аараг хүрэмийн элгэнд цахилах
Алтай,донын харлаг ямаад
Уул усны нэр нь цагаан
Удам бүлийн сэтгэл нь цагаан
Угтах ирээдүйн зам нь цагаан
Унаган нутаг минь Баянцагаан
Зохиогч: До.Халзан